Цагаандэлийн агуй нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт, Их нартын хадны зүүн талын төгсгөлийн цав толгодын дунд, сумын төвөөс баруун тийш 30 гаруй км зайд, х.ө. 45°37’31.9”, з.у. 109°06’25.4” газарзүйн солбицолд оршино.
Нээгдсэн нь
Агуй 1968 онд хайлуур жонш олборлож байсан 27-р сувагт дэлбэлгээ хийх үед доргилтоор нурж нээгджээ. Анх орсон хүмүүс агуйд ус, мөс, бараг бүтэн үлдсэн нохой шиг толгойтой том амьтан болон бусад амьтны маш их яс байхыг үзээд ШУА-д захидал бичиж судлахыг хүсчээ.
Агуйн ам
Агуйн хоёр ам далайн түвшнээс дээш 1140 м өндөрт, хайлуур жонш олборлож байсан 150 гаруй м урт, 16.5 м гүн сувгийн ёроолд, зүүн хойш харсан байрлалтай. Нэгдүгээр ам нь сувгийн урд үзүүрээс 98.8 м-т, 6 × 3 м хэмжээтэй зууван хэлбэртэй. Хоёрдугаар ам нь сувгийн хойд үзүүрээс 15.1 м-т, 1.2 × 1.8 м хэмжээтэй хавчиг зууван хэлбэртэй. Хоёр амны хооронд 39.3 м зайтай.
Бүтэц
Агуй хоорондоо холбоотой 2 том танхим, үндсэн 4 гол хонгилоос бүрдэнэ. Нийт урт 1 км гаруй, хонгилын дундаж өргөн 5.9 м, дундаж өндөр 9.5 м. Хамгийн нарийн хэсэг нь 50 см, хамгийн өндөр хэсэг нь 22 м, нам цэг нь 45 см. Нийт талбай 53,077 м², эзэлхүүн 43,643 м³. Зарим хонгилд кварцын талст, мөсөн унжлага харагдана.
Судалгаа
Агуйн морфометрийн хэмжилт, план зүсэлтийг анх 1989 оны 5-р сарын 1-нд хийж, хэсгүүдийн уртыг тогтоосон. 1991 оны 6-р сарын 10-нд нарийвчилсан хэмжилт хийж, зүсэлт, урт, дундаж өргөн, өндөр, талбай, эзэлхүүнийг тодорхойлж, бичил уур амьсгалын судалгаа хийсэн.
Эх сурвалж
- Авирмэд Э. «Монгол орны агуй». Улаанбаатар, 2008.
- Хуучин сайтын хуудас
