Ловончомбын агуй нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Агуйт уулын баруун үзүүрийн төгсгөлд оршино. Агуйт уул нь баруунаас зүүн тийш сунаж тогтсон, 1278 м өндөр говийн нам уул. Уул бүхэлдээ гантигжсан цайвар шохойн чулуунаас тогтсон, маш сүвэрхэг, элэгдэл ихтэй.
Агуйт уулын зүүн урд бэлд Агуйтын хийд гэдэг том хийд байжээ. Уулын олон том, жижиг агуйг засаж тохижуулан янз бүрийн зорилгоор ашиглаж байсан. Эдгээрийн хамгийн том нь хийдийн туурийн хойд зүгт 1000 орчим метрт орших, нутгийн ард түмний Ловончомбын агуй гэж нэрлэдэг агуй юм.
Агуйн ам
Хийдийн хойд хамрыг даваад ороход зүүн тийш харсан том хадан цохионы ёроолд, далайн түвшнээс дээш 1170 м өндөрт 1.3 × 1.0 м хэмжээтэй ганц ам бий. Аман дээр нь томоохон сүм байсан бөгөөд хана, суурийн үлдэгдэл нь хагас дутуу үлджээ. Сүмийг барихдаа 15 × 10 м талбайд 2 м гаруй өндөр чулуун суурь өрж тэгшлээд, сүм агуй хоёрыг шууд холбож барьсан байна.
Бүтэц
Агуйн нийт урт 49.9 м, хонгилын дундаж өргөн 7.6 м, дундаж өндөр 3.5 м. Хамгийн өргөн хэсэг нь 18.5 м, нарийн хэсэг нь 4 м, хамгийн өндөр хэсэг нь 5.4 м, нам цэг нь 0.7 м. Нийт талбай 379.3 м², эзэлхүүн 1308.5 м³.
Агуй чулуун нүүрс-пермийн үеийн цагаан гантигжсан шохойн чулуунд үүссэн хэвтээ карстын агуй. Дотор нь тунамал хурдаснаас өөр хурдас байхгүй, хана, дээвэрт нь талст бүрэлдэл бий.
Агуй үндсэн хоёр том хонгилтой. Баруун тийш салаалсан том хонгил 32 м урт, 17.5 м өргөн, 2.5 м дундаж өндөртэй. Хойд зүгт салаалсан багавтар салаа амнаас 2.5 м цааш гол хонгилоос салж, 21.5 м урт, 3.2 м өргөн, 5 м орчим өндөртэй үргэлжилнэ. Агуй цэвэрхэн, хана тааз нь ан цав, элэгдэл багатай, дээвэр, хананд исланд жонш, кальцитын жижиг талст ургасан, чийг багатай.
Эх сурвалж
- Авирмэд Э. «Монгол орны агуй». Улаанбаатар, 2008.
- Хуучин сайтын хуудас
