Хойд Цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс 25 км зайд, Хойд Цэнхэрийн голын баруун хажууд оршдог. Агуй х.ө. 47°20’50.5”, з.у. 91°57’24.1” газарзүйн солбицолд, далайн түвшнээс дээш 1571 м өндөрт оршино. Агуйн ам голын хөндийгөөс дээш 100 м өндөрт, зүүн тийш харсан.
Агуй ягаавтар өнгөтэй, гантигжсан венд-кембрийн үеийн шохойн чулуунд үүссэн бөгөөд элэгдэл эвдрэлд маш бага орсон.
Бүтэц
Агуй хоёр салаатай. Нэг нь 130 м, нөгөө нь 90 м урт. Хонгилын өргөн, өндөр газар бүрд өөр бөгөөд дунджаар 3–4 м өргөн, 2–3 м өндөр. Зарим газраа намхан тул мөлхөж ороод цааш явахад өргөн, өндөр нь нэмэгдэж босоо явах боломжтой болдог. Ийм салаа бүтэцтэй тул энэ агуйг их, бага хоёр агуйгаас бүрдэнэ гэж үздэг тал ч бий.
Том агуйн эхний заалны өндөр 15 м. Зурагтай танхимын диаметр 16 м. Эхний том танхимын хойд талын булангаас 2.5 м өндөр босгоор доош буун хойшоо эргэж, 18 м урт гол хонгилоор дамжин орох бөгөөд үүнээс цааш агуй нарийсаж үргэлжилнэ.
Агуйн амаар ороход олон арван жил хуримтлагдсан их хэмжээний сангас бий. Их танхимын хойд булангаас агуй салаалан үргэлжилдэг бөгөөд салаа агуйн гол хонгилын хана, таазанд шохойн жонш их бий.
Хадны зураг
1951 онд газарзүйч О.Намнандорж агуйн ханан дээрх сүг зургийг анх илрүүлж, хэвлүүлсэн нь Монголын агуйг дэлхийд алдаршуулсан.
Эх сурвалж
- Авирмэд Э. «Монгол орны агуй». Улаанбаатар, 2008.
- Хуучин сайтын хуудас
